утгийнхан МАХН, АН хоёрт илүүтэй "сайн болжээ"
Хонгор нутагт сонгуулийн уур амьсгал хаврын урь орох цагтай зэрэгцэн эхэлжээ. Сонгуульд давхих “их насны морьд”-ын түрүүч тодорч, уяа сойлго нь жигдэрч байгаа сурагтай. Мөн “их насныхан”-тай зэрэгцсэн “хөгшин зээрд”-үүд ч уяагаа эргэн, гэдсээ шавхарч, өл хоолоо тааруулахын зэрэгцээ уяач эзэн, хурдан моринд хорхойтой ард түмнийхээ нүдэнд торчих санаатай сунгаа, үсэргээнд таваргаж явна. 2008 оны УИХ-ын сонгууль Баянхонгор аймагт нэлээн ширүүхэн болох нь ээ. Сонгуулийн тухай өмнөх хуулиар гурван тойрогтой байсан хонгорынхон 2004 онд ёстой л намуудын “эхийг эцээж, тугалыг нь тураахгүйгээр” сонголт хийж өөрсдийн төлөөлөө МАХН, АН, ЭОН байх нь зүйтэй гэж үзсэнээр Г.Занданшатар, Ц.Жаргал, Х.Баттулга нарыг төрийн түшээгээр сонгосон. УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг хууль хяналтынхан мөнөөх алдарт Хадгаламжийн банкны 14.2 тэрбумын хэрэгт холбогдуулж, татвар төлөгчдийн мөнгөөр Солонгос улсад очиж казино тоглосон нэр зүүж баахан баалсан.
Баалаад ч зогсохгүй УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгахаар болсны эцэст үнэнээр явсан хүн үхэр тэргээр туулай гүйцэхийн үлгэрээр цагаадсан. Нэг талдаа түүнийг улс төрд дахин оруулахгүй байх магадлалтай холоос шидсэн Хадгаламжийн банкны хэрэг гэх “жижиг чулуу” үнэндээ байгаа олсонгүй. Хонгор нутгийнхан сар шинийн дараа хотол, түмнээрээ золгуут хийн, өмнөх оны алдаа оноогоо ярилцан, ирэх жилийн хийх ажлаа төлөвлөдөг уламжлалтай. Шороон хулгана жилийн эл уулзалт нийслэлд болж хонгорынхон тэр аяараа цугларч Соёлын төв өргөө хөлд дарагдаж байсан. Энэ уулзалтад УИХ-ын гишүүн Г.Занданшатар оролцож байлаа. Гэтэл хөдөөгийн бололтой хэдэн хөх өвгөн “Чамайг овоо дориун хүү хэмээн бид итгэж, сонгосон. Уг нь чамайг төрд хэдэн жил байх ёстой хүн гэж бодсон. Юу болоод байна” гээд л зандрах, аашлахыг зэрэгцүүлэн “буусан”. Г.Занданшатар гишүүн харин энэ үед “Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Үнэн, зөв нь удахгүй тогтоогдоно” хэмээн өөртөө тун итгэлтэй хариулж байлаа. Үнэндээ ч тэр хэлсэндээ хүрч Хадгаламжийн банкны хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсоны дараа нутгийнхан нь тэр дундаа сонгогчид нь “Тийм л байх ёстой. Манийхаа өмнөөс нэлээд хэдэн жил төр барих учиртай хүү. Хонгор нутагт энэ хүү л жаал юм хийнэ дээ” хэмээн баярлажээ. Үнэхээр ч хонгорчуудын дунд Г.Занданшатар гишүүний нэр хүнд багагүй хэмжээгээр өсч, дэвжиж байна. Харин Эх орон намын Ц.Жаргал гишүүнд баянхонгорчууд ам муутай болжээ. Нэг хүний, нэг компанийн намын төлөөлөгчийг сонгожээ. Их хуралд очоод хоорондоо таарахгүй, ажил хийхгүй жаахан тааруухан төлөөлөгч сонголоо хэмээн толгой руугаа шаахаас наагуур суугаа бололтой. Харин “Женко” хэмээх Х.Баттулга гишүүн нөгөө хоёрыгоо бодвол хэлэх үгтэй, хийсэн ажилтай, хонгор нутгаа гэсэн сэтгэлтэй нэгэн аж. Адаглаад л тэрбээр цагаан сарын өмнөхөн Баянхонгор аймгийн 70-аас дээш настай өндөр настнуудад хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардуулахаас эхлээд тэдэнтэй уулзаж, санаа бодлыг нь сонсдог, өргөдлийг нь хүлээн авдаг байна. Өмнөх нийгмийн үед Ардын их хурлын депутатад өргөдөл гарган, цохуулж аваад ажлаа бүтээдэг хөдөөгийн өвгөдөд Х.Баттулга гишүүний хүний үгийг сонсдог зан нь таалагджээ. Гэсэн хэдий ч сонгууль л юм болсон хойно нэр дэвшиж, оролцох эрх нь хэн бүхэнд нээлтэй. Иймээс энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн гурван мандаттай нэг тойрогт “Их хурд”-аас илүүтэй хурд болох нь. МАХН-аас энэ тойрогт УИХ-ын гишүүн Г.Занданшатар, аймгийн Засаг дарга П.Зоригтбаатар, “Сэрүүлэг” сонины үүсгэн байгуулагч С.Баярмөнх, УМХГ-ын даргаар томилогдоод удаагүй байгаа Ц.Шийрэвдамба нар “жагсаад байна”. Гэхдээ гурван нэр дэвшигч л хэрэгтэй, хонгорынхонд. Энэ дөрвийн дунд нэр хүндээрээ аймгийн Засаг дарга П.Зоригтбаатар нь хамаагүй илүү. Түүгээр ч барахгүй тэрбээр хөдөөгийнхнийг араасаа дагуулсан нэгэн гэхэд хэтрүүлсэн болохгүй. С.Баярмөнхийн хувьд сүүлийн жилүүдэд нутагтаа гэнэт хайртай болоод байгаа. Баянхонгорын сонгогчид “Сэрүүлэг” сониныг нийтээрээ захиалан уншдаггүй л юм бол хөдөөгийн хөгшчүүл төдийлөн сайн мэдэхгүй талдаа. Гэвч тэрбээр сониныхоо нэр барин элдэв шоу, сугалаа зохион байгуулж байгаа хэдий ч хонгорчууд хэний төлөө саналаа өгөхөө аль хэдийнэ шийдсэнийг ойгохгүй л байгаа бололтой. Ц.Шийрэвдамба дарга ч яахав. УИХ-ын гишүүн байж үзээгүй биш, одоогийн энэ суудал нь эрх мэдлээр тийм ч доогуур биш. Гэхдээ л нөгөө өөрийгөө сойдгуудын нэг шиг нутаг руугаа гүйдэлтэй болсон. Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Х.Баттулга, Батж.Батбаяр, Удирдлагын академийн багш Д.Ганбат нар өрсөлдөх нь тодорхой болсон сурагтай. Батж.Батбаяр гишүүн тойргоо солин, нутгаа санасан морь шиг л гүйж байгаа ажээ. Үүнийгээ ч хонгорчуудад аятайхан тайлбарлаж явна. Хоёр гишүүн ч яахав хийсэн ажилтай, хэлэх үгтэй, Харин Д.Ганбат багшийг нутгийнхан нь “эрдэмтэн хүү хотод бий” гэхээс өөрийг хэлдэггүй. Ах намуудтай зэрэгцэн “хуучин танил” Эх орон намын Ц.Жаргал, үндэсний шинэ намын Ё.Гэрэлчулуун, Иргэний зориг намын М.Хүрэлсүх гэсэн нөхөд уяа сойлгоо тааруулан явна. Сүүлийн үед нутгийнхан МАХН, АН хоёрт илүүтэй ам сайтай болжээ. Учир нь тун саяхан хоёр намын дарга С.Баяр, Ц.Элбэгдорж нар уул уурхайн талаар нэгдсэн нэг ойлголтод хүрлээ. Ямар ч уурхайн 51 хувь нь ард түмний өмч байна хэмээн мэдэгдсэн нь хөрсөндөө эрдэнэ нуусан нутагтай хонгорчуудад таалагджэ
No comments:
Post a Comment